ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ЭЗХАХБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны ТНБД Д.Даваасүрэн 6 дугаар сарын 27-ны өдөр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Евразийн хэлтсийн дарга Виллиам Томпсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. ТНБД Д.Даваасүрэн Монгол Улсаас ЭЗХАХБ-тай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа өргөжин тэлж, өдгөө ЖДҮ, татвар, дэд бүтцийн салбаруудыг хамрах болсон нь чухал болохыг онцлов. Ноён Виллиам Томпсон ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын зүгээс Монгол Улстай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг ихээхэн дэмжиж ажилладаг тул цаашид бизнес эрхлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой дэд бүтэц, уур амьсгал гэсэн салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой байгаа талаар танилцуулж, санал солилцов.

ЭЗХАХБ-аас “Төв Азид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд Монгол Улсын бичил болон ЖДҮ-үүдэд үзүүлэх санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа юм. Үүний дагуу ГХЯ-наас ЭЗХАХБ болон Франц Улсын  зээлийн батлан даалтын сан (BPI France)-тай хамтран 6 дугаар сарын 27-ны өдөр “Бичил, жижиг, дунд үйлдвэрүүдэд санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэл, цаашдын алхмуудын талаар хэлэлцлээ.

Түүнчлэн ЭЗХАХБ-аас “Төв Азид тээврийн холболтыг сайжруулах нь” судалгааг гүйцэтгэж, судалгааны тайланг танилцуулах арга хэмжээг энэ оны 6 дугаар сарын 26-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран зохион байгуулсан юм.