ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-ЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ГАРААНЫ БИЗНЕСИЙН ЯАМНЫ ДЭД САЙД КИМ ХАГ ДУ-ТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яамны дэд сайд Ким Хаг Ду-тай уулзаж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Дэд сайд нар хоёр улсын хувийн хэвшил, гарааны бизнесүүд хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Засгийн газрын түвшинд үргэлжлүүлэн анхаарч, нягт хамтран ажиллах талаар санал нэгдэв.

БНСУ-ын тал манай хоёр улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудлыг хариуцсан яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэчлэн байгуулах, гарааны бизнесүүдийн санал санаачлагыг дэмжих зорилгоор залуу бизнесүүдийн хооронд тэмцээн зохион байгуулах санал тавив.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Солонгосын Залуу бизнес эрхлэгчдийн  Зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, манай жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг БНСУ болон гуравдагч зах зээлд гаргах, тус салбарт хэрэгжүүлж буй мэдээлэл, технологийн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх тал дээр солонгосын талтай түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.