ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨХ ЖОН БОЛТОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон тэргүүтэй Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгчдийг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Сайд Д.Цогтбаатар 2019 оны 6 дугаар сарын 30-нд Зэвсэггүй бүсэд болсон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын нарын уулзалтыг сайшаан тэмдэглэж, энэ нь Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, яриа хэлцээг дараагийн шатанд гаргахад чухал алхам боллоо гэдгийг онцолж, Монгол Улс энэхүү санаачилгыг тууштай дэмжиж ирснийг тэмдэглэв.

Тэрбээр нийтлэг үнэт зүйлс, харилцан ойлголцолд тулгуурласан Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгааг тэмдэглэж, АНУ нь Монголын ардчилал, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон дурдав.

Элчин сайд Ж.Болтон АНУ нь Монгол Улсыг бүс нутаг дахь чухал түнш хэмээн үздэгийг онцолж, улмаар Монголтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгааг, Монголыг цаашид ч дэмжихийг илэрхийлэв.

Талууд хоёр талын өндөр, дээд түвшний яриа хэлцээг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа нотолж, Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт, энхийг сахиулах хамтын ажиллагаа зэрэг хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Хоёр тал 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцож, “Монгол Улс, АНУ хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай” замын зураглалыг байгуулсан бөгөөд тэдгээрийг ажил хэрэг болгохын төлөө ажиллаж байна. Тухайлбал, Ж.Болтоны айлчлалын бүрэлдэхүүнд Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн төлөөлөл оролцож ажилласан нь үүний илрэл юм. Мөн АНУ-ын зүгээс манай улсад Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд Конгресст Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийн төслийг өргөн бариад байна.