ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД П.В.УТЮПИН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 6 дугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд бөгөөд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Беларусийн хэсгийн дарга П.В.Утюпин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар хоёр орны Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны ЗГХК-ын 5 дугаар хуралдаан амжилттай болсонд баяр хүргээд хоёр талын хоорондын хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүний кластер болон бусад хүнсний бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулж, хөрш орнуудын зах зээл нийлүүлэх, Беларусиас машин техник худалдан авахын зэрэгцээ монголын бараа, бүтээгдэхүүнийг тус улсын зах зээлд гаргах, Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд хамтран ажиллах зэрэг хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг дурдав.

Аж үйлдвэрийн сайд П.П.Утюпин хоёр орны Засгийн газрын хооронд гарын үсэг зурсан Экспортын зээлийн Ерөнхий хэлэлцээрийг монголын тал соёрхон батлагмагц энэхүү хэлэлцээрийн хүрээнд онцгой байдал, хөдөө аж ахуй, зам тээврийн болон бусад салбарт яригдаж буй төслүүдийг даруй хэрэгжүүлж эхлэхийн чухлыг тэмдэглээд хоёр талын дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалыг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

2013 онд байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын 5 дугаар хуралдаан 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж, ЗГХК-ын өмнөх хуралдааны протоколын хэрэгжилтийг дүгнэн өнгөрсөн 4 дүгээр сард хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд ОБЕГ-ын техникийн хангамж, чадварыг сайжруулах, Улаанбаатар хотын нийтийн зориулалттай цахилгаан шат шинэчлэх, засвар үйлчилгээний төв байгуулах, хөдөө аж ахуйн салбарт хэрэгцээтэй техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, Монголд сүүний кластер байгуулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх, зам тээвэр, уул уурхай, барилга, хот байгуулалт, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцсэн болно.