ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ХАРААТ БУС КОМИСС ЖЕНЕВ ХОТНОО ӨНДӨР ТҮВШНИЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Цаазаар авах ялын эсрэг олон улсын хараат бус Комисс (International Commission Against Death Penalty)-оос НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 41 дүгээр чуулганы үеэр 7 дугаар сарын 2-ны өдөр Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протокол батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан өндөр түвшний арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар М.Бачелет нээлтийн үг хэлж оролцсон ба тус комиссын Ерөнхийлөгч, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар асан Н.Пилэй, Дэд ерөнхийлөгч, ШХУ-ын Ерөнхийлөгч асан Р.Дрэйфус, комиссарууд болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Нэмэлт II протоколыг төсөлсөн проф. М.Б.Боссит, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Африкийн Шүүхээс гадуур, шүүн таслах ажиллагааны эрхийг хангаагүй, дур зоргоор цаазаар авах асуудлаарх Ажлын хэсгийн Ерөнхийлөгч С.Кайтеси нар илтгэгчээр оролцлоо.

Уг арга хэмжээ нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын Нэмэлт II протоколд нэгдээгүй орнуудыг нэгдэх, нэгдсэн орнуудыг гэрээгээр  хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахад уриалах зорилготой болно. Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протоколд хүний жам ёсны, салшгүй эрх болох амьд явах эрхийг хамгаалж буй гэдэг утгаараа гэрээнээс гарах тухай заалт анхнаасаа тусгагдаагүй болно. Иймд гэрээнд нэгдсэн улс хүлээсэн үүрэг хариуцлагаасаа ухрах боломжгүй билээ. Өдгөө Нэмэлт II протоколд 87 улс нэгдэж, дэлхийн 150 улс цаазаар авах ялыг хуульчлан халж эсхүл хэрэгжүүлэхгүй байгаа ажээ.

Манай улс Цаазаар авах ялын эсрэг олон улсын хараат бус Комиссыг Дэмжих бүлгийн гишүүн, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд цаазаар авах ялыг халахад уриалах зорилготой тогтоолыг Бельги, Бенин, Коста Рика, Мексик, Молдов, Франц, Швейцар Улстай хамтран санаачлан авч явдаг улсын хувьд уг арга хэмжээнд хамтран зохиогчоор оролцлоо.