ЭМГЭНЭЛ

ПУНЦАГИЙН ШАГДАРСҮРЭН

/1918-2019/

Монгол Улсын Баатар, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пунцагийн Шагдарсүрэн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүнд өвчний улмаас 101 насандаа таалал төгсч, монгол түмэнд хүнд гарз тохиолоо.

П.Шагдарсүрэн 1918 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баянбараат суманд төрж, 1930-1936 онд бага, дунд сургууль, 1937-1939 онд Цэргийн Ерөнхий сургууль, 1948-1953 онд Зөвлөлт Холбоот Улсад Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн, орос, англи хэлний мэдлэгтэй, хүндтэй дипломатч байсан юм.

Тэрбээр 1939 оноос төрийн алба хашиж, Гадаад харилцааны яам, түүний системийн байгууллага болоод төр, намын өндөр дээд албан тушаалд тасралтгүй ажилласан бөгөөд энэ хугацаанд 1936-1937 онд Монгол Тээхэд данс хөтлөгч, 1937-1939 онд цэргийн алба хааж, 1939 онд Тамсагийн 6 дугаар дивизийн 17-р морьт хорооны штабын дарга, 1939-1948 онд Ерөнхий сайдын тусгай хэрэг эрхлэгч, нарийн бичгийн дарга, дотоод хэрэг эрхэлсэн туслагч, 1953-1955 онд Гадаад явдлын яамны Европын хэлтсийн эрхлэгчийн орлогч, Протоколын хэлтсийн эрхлэгч, 1955-1956 онд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад, 1956-1958 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, 1958-1963 онд Гадаад явдлын яамны Орлогч сайд, Сайд, 1963-1971 онд Намын төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч, 1971-1974 онд Бүгд Найрамдах Унгар Ард Улсад, 1974-1978 онд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад, 1978-1981 онд Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсад, 1981-1982 онд Бүгд Найрамдах Ардчилсан Афганистан Улсад, 1982-1986 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, 1987 онд өндөр насны тэтгэвэрт гарах хүртлээ Гадаад явдлын яамны Намын хорооны нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байв.

П.Шагдарсүрэн 1939 оны Халх голд өрнөсөн Японы милитаристуудын эсрэг эх орноо хамгаалах дайн, 1945 оны эх орны чөлөөлөх дайнд тус тус оролцож, онцгой гавьяа байгуулсан ахмад дайчин байсан билээ.

Тэрбээр Монгол Улсын гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд, түүний дотор хоёр болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд дээр дурдсан Ази, Европын орнуудад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байхдаа хоёр орны харилцааг бүхий л чиглэлээр урагшлуулах, худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлах чиглэлээр томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн нэрт дипломатч байлаа.

П.Шагдарсүрэн БНМАУ-ын Ардын Их Хурлыг сонгох IV, VI, VII дахь удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутат, мөн  Монгол Ардын Хувьсгалт Намын XI, XIV, XV, XVI, XVII, XVIII Их хурлуудаас Намын Төв хорооны гишүүн, МАХН-ын XII Их хурлаас намын төв шалган байцаах комиссын гишүүн, МАХН-ын XIII Их хурлаас Намын Төв хорооны орлогч гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байв.

Талийгаачийн хөдөлмөрийг төр, засгаас өндрөөр үнэлж салбарын болон нам, олон нийтийн байгууллага, Халх голын болон Ардын хувьсгалын ойн медалиуд, БНМАУ-ын хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн цол, Алтан гадас одонгоор 2 удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одонгоор 3 удаа шагнаж, “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” болон “Монгол Улсын Баатар” цол хүртээжээ.

Монгол Улсын Баатар, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Шагдарсүрэнгийн эгэл даруу, шударга, хөдөлмөрч, хичээнгүй, хүнлэг чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

 

Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ,

Т.АЮУРСАЙХАН, Д.ЦОГТБААТАР, Н.ЭНХБОЛД, М.ЭНХБОЛД,

А.СҮХБАТ, Л.БОЛД, С.БАТБОЛД, Ц.МӨНХ-ОРГИЛ, Н.ОЮУНДАРЬ,

Ц.ЭНХБАТ, Ж.БАТЖАРГАЛ

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХАМТ ОЛОН