Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшинг 8 дугаар сарын 28-нд хүлээн авч уулзав.

Экспортыг дэмжих, ялангуяа уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэмжээг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхлэх таатай орчин, боломжийг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтыг бодитоор ажил хэрэг болгох, үр дүнд хүргэхэд хамтран ажиллах, ГХЯ болон МҮХАҮТ-ын хооронд байгуулсан Санамж бичигт туссан ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд анхаарна гэдгээ Н. Энхтайван сайд тэмдэглэв.

Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, зохицуулалтыг хариуцдаг төрийн захиргааны төв байгууллага болох ГХЯ, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолой болж төлөөллийг хэрэгжүүлдэг гол байгууллага болох МҮХАҮТ хооронд хамтын ажиллагаагаа улам нягтруулан өргөжүүлж, цаашид байгуулахаар судалж буй Чөлөөт худалдааны хэлэлцээр, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэх үйл явцад дотоодын аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг тусгаж, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

Ковид-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулах, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээн идэвхжүүлж, “Монгол Экспорт” хөтөлбөрт туссан Берлин болон Хөххотод байгуулж буй Монголын бараа бүтээгдэхүүний дэлгүүр болон цахим борлуулалтын төвд тодорхой дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, Монголын брэнд бүтээгдэхүүн бий болгох хүрээнд олон улсын үзэсгэлэн, арга хэмжээг хамтран зохион байгуулах нь ажлын зөв чиглэл хэмээгээд Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар, гадаад худалдааны үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилтыг ханган биелүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг талууд онцлон тэмдэглэв.