“Гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах нь” сэдэвт сургалтын арга хэмжээ Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болж байна.Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны санаачилгаар нийт яам, агентлагуудад зориулсан гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах, үйл ажиллагааг “нэг цонх”-ны зарчмаар хэрэгжүүлэх, гадаад харилцаанд оролцогч байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлыг энэхүү семинараар хөндөж байна.

Арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын дэд  сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, яамдын харъяа агентлагуудын удирдлага, гадаад харилцаа хариуцсан нэгжийн дарга, Удирдлагын академийн удирдлага зэрэг нийтдээ 100 орчим хүн сургалтад хамрагдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал “Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд “нэг цонхны” зарчим чухал үүрэгтэй бөгөөд төрийн хариуцлагатай алба хашиж буй албан тушаалтнууд хоорондоо мэдээллээ солилцох”-ын чухлыг тэмдэглэлээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн хэлсэн үгэндээ ”Монгол Улсын Засгийн газраас эрүүл монгол хүн, импорлогчоос экспортлогч улс болох зорилтыг дэвшүүлж, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх”-д анхаарч байгааг онцолж, гадаад бодлогод гарах аливаа алдаа завхрал дотоод асуудалд гарснаас илүү их хор хохиролтойг тэмдэглэж, төрийн албаны удирдах албан тушаалтнууд хариуцлагатай ажиллах шаардлагатайг сануулав.

Төрийн соёрхолт түүхч, доктор Д.Өлзийбаатар “Нэгдсэн гадаад бодлогын түүхэн ач холбогдол” сэдвээр сонирхолтой илтгэл тавив.

Арга хэмжээ үргэлжилж байна.