АРЬС ҮНДСЭЭР АЛАГЧЛАХ БҮХ ХЭЛБЭРИЙГ УСТГАХ ТУХАЙ КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭНЭ

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо хуралдаж байгаа НҮБ-ын Арьс үндсээр алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны 99 дүгээр чуулганаар 2019 оны 08 дугаар сарын 15-16-ны өдөр Арьс үндсээр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын ээлжит тайланг хэлэлцэнэ.

Чуулганд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож, 2015 онд Арьс үндсээр алагчлах бүх хэлбэрийг устгах хороо өмнөх ээлжит тайланг хэлэлцээд өгсөн зөвлөмж болон өнгөрсөн хугацаанд конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд авсан бодлого, арга хэмжээ түүний дотор үндэстний цөөнх болон уугуул иргэд мөн гадаадын иргэд, цагаач, дүрвэгсэд, улс төрийн орогнол хүсэгчид, харьяалалгүй хүмүүсийн нөхцөл байдал, хүний эрхийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулж, хэлэлцүүлэг хийнэ.

Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенцийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 1965 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баталж, 1969 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Монгол Улс Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенцид 1969 онд нэгдэж орсон. Конвенцийн хэрэгжилтийн тайланг хоёр жил тутамд гаргаж хороонд хүргүүлдэг.