ЭМГЭНЭЛ

Лувсандоржийн ДАВААГИВ

/1943-2019/ 

 

Ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсандоржийн Даваагив 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, манай гадаад харилцааны салбарт хүнд гарз тохиолоо.

Л.Даваагив 1943 онд Өвөрхангай аймгийн Уянга суманд төрж, 1962 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын дунд сургууль, 1962-1964 онд Улсын багшийн дээд сургууль, 1964-1970 онд ЗХУ-ын Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр, 1982-1984 онд ЗХУ-ын ГЯЯ-ны Дипломатын академийг тус тус төгссөн, орос, англи хэлний мэдлэгтэй мэргэжлийн дипломат байсан юм.

Тэрбээр 1970 оноос ГХЯ болон түүний системийн байгууллагад тасралтгүй 35 жил ажилласан бөгөөд энэ хугацаанд ГХЯ-ны Хоёрдугаар хэлтэст референт, Нэгдүгээр хэлтэст атташе, Гуравдугаар хэлтэст гуравдугаар нарийн бичгийн дарга, Хоёр, гурав, дөрөвдүгээр хэлтэст зөвлөх, орлогч дарга, дарга, Америк, Европын хэлтсийн дарга, Гэрээ эрх, түүх архивын хэлтсийн дарга, Нэгдүгээр газрын орлогч захирал, захирал, Улс төрийн газрын орлогч дарга, Ази, Америкийн газрын захирал, Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ-нд атташе, Монгол Улсаас АНУ болон Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байв.

Л.Даваагив нь Монгол Улсын гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд АНУ болон Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллахдаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, суугаа орондоо Монгол Улсыг сурталчлан таниулах чиглэлээр томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн билээ.

Талийгаачийн хөдөлмөрийг төр, засгаас үнэлэн Ардын хувьсгалын ойн медаль, “Алтан гадас” одонгоор шагнаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 129 дүгээр зарлигаар “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, 1996 оны 249 дүгээр зарлигаар “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд”  цолыг тус тус олгосон.

Ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсандоржийн Даваагивын эгэл даруу, шударга, хөдөлмөрч, хичээнгүй, зарчимч, хүнлэг чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг,
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн,
ГХЯ, ДТГ-ын нийт хамт олон,
ГХЯ-ны дэргэдэх Ахмадын хороо, Эмэгтэйчүүдийн Дипломат клуб