АЗИЙН ТӨЛӨӨХ БОАО ФОРУМЫН БАГА ХУРЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын Бага хурлын хүрээний арга хэмжээнүүд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр эхэллээ. Хуралд оролцогчдод зориулсан “Бэсрэг наадам”-ыг “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын баазад зохион байгууллаа.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Бэсрэг наадам”-ыг нээж хэлсэн үгэндээ Монголчуудын өнө эртнээс тэмдэглэж ирсэн Наадам нь нүүдлийн соёл иргэншлийн тод илэрхийлэл болсон спорт, соёлын цогц арга хэмжээ бөгөөд дэлхийн биет бус соёлын өвийн нэг болохыг онцлов.

“Бэсрэг наадам”-ыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана, Азийн төлөөх Боао форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодун тэргүүтэй гадаадын 100 гаруй зочид төлөөлөгчид үзэж сонирхов.

Хуралд оролцогчдод зориулсан Гадаад харилцааны сайдын хүндэтгэлийн зоогийг 19-ний орой Гадаад харилцааны яам дээр зохион байгуулав.

Хүндэтгэлийн зоогт Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар хэлсэн үгэндээ Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөө Боао форумын Бага хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа нь Монгол, Хятад болон бүс нутгийн бусад орнууд, олон улсын байгууллагын хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлнэ хэмээн найдаж буйгаа тэмдэглэв.

Хүлээн авалтанд УИХ-ын гишүүд, Нийслэлийн засаг дарга зэрэг манай улсын төр, засгийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл болон Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана, Азийн төлөөх Боао форумын ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шин Хаймин зэрэг гадаадын зочид төлөөлөгчид оролцов.