МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ АЗИЙН ТӨЛӨӨХ БОАО ФОРУМЫН ДАРГА БАН ГИ МҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын Бага хуралд төр засаг, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын төлөөлөл идэвхтэй оролцож, өндөр ач холбогдол өгч буйд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид залуучууд, эрдэмтэн судлаачид болон бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэн Монгол Улсын форумын үйл ажиллагаан дахь оролцоог өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Мөн Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү Бага хурал нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог улам бэхжүүлэх, бусад түнш орон, олон улсын байгууллагатай харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг эрэлхийлэхэд дэм болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ноён Бан Ги Мүн тус Бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцон үг хэлж буйд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархал илэрхийлээд ирэх онд тохиох форумын 20 жилийн ойн  арга хэмжээнд Монгол Улсаас өндөр түвшний төлөөлөгч оролцохыг урив.

Мөн Монгол Улс нь бүс нутгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх нөөц боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлэн Монгол Улсын Засгийн газрын зүгээс уур амьсгалын өөрчлөлт, агаарын чанарын асуудлаарх хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.