ГХЯ, БНСУ-ЫН ЭСЯ ХАМТРАН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

Гадаад харилцааны яам, БНСУ-ын ЭСЯ, Гадаадын иргэн, харьяатын газар хамтран монгол иргэд БНСУ-ын виз мэдүүлэхтэй холбоотой журамд өөрчлөлт орж буй талаар 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Сүүлийн жилүүдэд БНСУ-д зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Солонгосын ЭСЯ-ны визийн ачаалал нэмэгдэж, мөн иргэдийн зүгээс хуурамч материал бүрдүүлж байгаатай холбогдуулан визийн хариу авах хугацаа 3 сар болсноос гадна иргэд барьцаа болгон 5 сая төгрөг байршуулдаг асуудал нь иргэдэд багагүй хүндрэл үүсгэж шүүмжлэл дагуулж ирсэн.

БНСУ-ын ЭСЯ-наас дээрх хүндрэлтэй нөхцөлийг хөнгөвчлөх зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дараах журмыг хэрэгжүүлж эхлэхээр тогтоод байгааг мэдээлэв:

  • БНСУ-ын ЭСЯ-ны визийн материал шалгах үүрэг бүхий консулын орон тоог 2-оор нэмж, 4 консул үйл ажиллагаа явуулах,
  • Виз мэдүүлэхэд байршуулж буй 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг цуцлах,
  • БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн гэр бүлд ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд 90 хоногийн виз олгох,
  • БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж шийдвэрлэх, зэрэг болно.

БНСУ-ын виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах асуудал нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 1 дүгээр сард БНСУ-д хийсэн айлчлал, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны 2019 оны 3 дугаар сард хийсэн айлчлалаар хэлэлцсэн гол сэдвийн нэг байсан бөгөөд хоёр улсын хооронд хийгдэж буй албан ёсны уулзалт, яриа хэлэлцээний үр дүн юм.

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн 7 хоногт ГИХГ-ын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын ХЗЯ-ны Цагаачлал, шилжлилт хөдөлгөөний албаны дарга Ча Гю Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт бараалхах үеэр мөн дээрх асуудлаар яриа хэлэлцээ хийж байсан болно.