ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан  “Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцлоо.

Үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия Сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран зохион байгуулж, 50 гаруй ховор нандин гэрэл зураг дэлгэжээ. Тухайлбал, МОНЦАМЭ агентлагийн архивт хадгалж буй “Дайсны байлдааны нисэх онгоц сөнөсөн газар дээр”, “Монгол-Зөвлөлтийн цэрэг тулалдааны өмнө”, БНМАУ-ын Маршал Х.Чойбалсан дайчидтай уулзаж байна”, Халх голын байлдаанд олзлогдсон япон цэргүүдийн хувийн эд зүйлс, Монгол Улс, ОХУ-ын зэсвэгт хүчний терроризмын эсрэг “Сэлэнгэ-2015” хамтарсан хээрийн сургууль зэрэг 20 гаруй гэрэл зураг, Оросын талаас “Монгол Улсын нутаг дэвсгэрт байрласан Зөвлөлтийн Армийн нэгдүгээр бүлэглэлийн командлагч Георгий Жуков”, “Халх голын тулалдааны үеэр Зөвлөлт, Монголын дайчдын олзолсон зэр зэвсгийн үзэсгэлэн”, “Халх голын орчимд Улаан армийн цэргүүдэд олзлогдсон япон цэргүүд”, “Зөвлөлтийн офицерууд олзлогдсон япончуудыг Халх голын байлдааны үеэр байцааж байгаа нь” зэрэг гэрэл зургийг дэлгэн үзүүлсэн байна.