ЭМГЭНЭЛ

Жамсрангийн Дулмаа

/1934-2019/

Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан, ахмад дипломатч Жамсрангийн Дулмаа 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өвчний улмаас таалал төгсч, монгол түмэнд хүнд гарз тохиолоо.

Ж.Дулмаа 1934 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд Жаал Булаг хэмээх газар төрж, 1954 онд Чойбалсан хотын 10 жилийн дунд сургууль, 1959 онд Зөвлөлт Холбоот Улсын Одесса хотын Технологийн дээд сургууль, 1974 онд ЗХУ-ын Коммунист намын төв хорооны дэргэдэх Намын дээд сургууль, 1987 онд ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх  Аж ахуйн академийг тус тус төгссөн, орос хэлний мэдлэгтэй, гурилын үйлдвэрийн инженер мэргэжилтэй, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, хүндэт дипломатч байсан юм.

Ж.Дулмаа 1959 оноос Монгол Улсын Аж үйлдвэр, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбар болон Гадаад харилцааны яам, түүний системийн байгууллага болоод төр, намын өндөр дээд албан тушаалд тасралтгүй 30 гаруй жил ажилласан бөгөөд энэ хугацаанд 1959-1961 онд Аж үйлдвэрийн яаманд инженер, хэлтсийн дарга, 1961-1962 онд Хүнсний үйлдвэрийн яаманд газрын орлогч дарга, 1962-1968 онд Хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, 1968-1972 онд Хөнгөн, Хүнсний үйлдвэрийн яаманд нэгдүгээр орлогч сайд, 1972-1979 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас ЗХУ-д суух худалдааны төлөөлөгч, 1979-1981 онд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны сайд, 1981-1984 онд БНМАУ-аас Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 1984-1988 онд Гадаад худалдааны яамны сайд, 1988-1991 онд БНМАУ-аас Бүгд Найрамдах Ардчилсан Чехословак улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байв.

Тэрбээр Аж үйлдвэрийн яам, Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яаманд ажиллаж байхдаа хүнсний бүх салбарын үйлдвэрүүдийг өргөтгөн шинээр барих техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, барьж босгох ажлыг зохион байгуулах, санхүүжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, ашиглалтад оруулах, жигдрүүлэх бүхий л үе шатыг салбарын ууган инженерийн хувьд гарамгай удирдан, бие сэтгэлээ зориулан хүчин зүтгэсэн билээ.

Ж.Дулмаа Монгол Улсын гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх, Монгол Улсаас гадаад орнуудтай тогтоосон хоёр талын харилцаа хамтын ажиллагаа, түүний дотор Монгол-Герман, Монгол-Чехийн найрамдалт харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд хоёр орны худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх, улс орноо сурталчлах болон гадаад улстай тогтоосон гэрээ хэлэлцээр, протоколыг хэрэгжүүлэхэд онцгой анхааран, идэвх санаачилгатай ажиллаж ирсэн төдийгүй биеэр үлгэрлэдэг, хүнлэг ёсыг дээдлэгч  аж үйлдвэрийн салбарын гавьяат ажилтан байв.

Монгол Улсын аж үйлдвэр, хөнгөн, хүнсний үйлдвэр, гадаад худалдаа, дипломат албанд олон жил үр бүтээлтэй ажилласныг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын болон цэргийн ойн медаль, ЗХУ-ын Улс түмний найрамдлын одон, БНАГУ-ын Улс түмний найрамдлын Алтан таван хошуу одон, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор тус тус шагнажээ.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, ахмад дипломатч Ж.Дулмаагийн эгэл даруу, шударга, хөдөлмөрч хичээнгүй, хүнлэг чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

 

Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ,

Т.АЮУРСАЙХАН, Д.ЦОГТБААТАР, Л.БОЛД, Н.ЭНХБОЛД, Ц.МӨНХ-ОРГИЛ, Н.ОЮУНДАРЬ, Х.БОЛОРЧУЛУУН, Н.НОМТОЙБАЯР, Л.ХИШИГТОГТОХ, М.БАДАМСҮРЭН, Б.БАТЦЭЦЭГ, Д.ДАВААСҮРЭН

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХАМТ ОЛОН