ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ҮГ ХЭЛЭВ

Нью-Йорк хотноо үргэлжилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр энэ 9 дүгээр сарын 25-нд “Энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр НҮБ, бүс нутаг болон дэд бүс нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах нь” сэдвээрх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров даргалан явуулсан уг хэлэлцүүлэгт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес үг хэлж,  Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн удирдлага НҮБ болон дээрх бүс нутгийн байгууллага хооронд энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар танилцуулав.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус 15 гишүүн улс, Монгол, Энэтхэг, Иран, Пакистан, Казахстан, Беларусь, Азербайжан, Тажикистан, Армени, Афганистан зэрэг 12 улсын Гадаад хэргийн сайд тус хэлэлцүүлэгт оролцон, терроризмтой тэмцэхэд НҮБ болон бүс нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг үр дүнтэй болгох арга замын талаар байр сууриа илэрхийлж, үг хэлэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ дэлхий дахины өмнө тулгарч буй сорилтууд, нэн ялангуяа терроризм, хэт даврагсад, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд НҮБ болон бүс нутгийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг тэмдэглэв.

Тэрээр Монгол Улс терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцид нэгдсэн, ОХУ, Киргиз Улстай терроризмтой тэмцэх тухай хэлэлцээр, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр БНХАУ-тай хэлэлцээр байгуулсныг мэдээлж, терроризмтой тэмцэхэд улс орнуудын чадавхийг бэхжүүлэх, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, түүний дотор хар тамхи, зэвсэг, хүний наймаатай терроризм нь улам холбоотой болж буйд анхаарал хандуулах, терроризмоос урьдчилан сэргийлж, тэмцэхэд хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэхийг чухалчлан дурдлаа.