БНПУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Бенедикт Полакын нэрэмжит шагналыг гардуулах ёслол 10 дугаар сарын 10-нд Краков хотод болов.

Дээрх  арга хэмжээ нь манай улсын түүхтэй холбоотой, манай улсыг Польшид болон олон улсын тавцанд сурталчлахад чухал ач холбогдолтой арга хэмжээ тул Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж, Краков дах манай улсын өргөмжит консул Ц.Уртнасан нар оролцсон болно.

Бенедикт Полакын нэрэмжит шагналыг гардуулах ёслолын арга хэмжээнд зориулж, Польшийн Ерөнхийлөгч А.Дудагаас ирүүлсэн илгээлтийг Польшийн Ерөнхийлөгчийн зөвлөх, сайд Пиотр Новак уншин сонордуулж, шагнал авч буй хүмүүст баяр хүргэв. Мөн Польшийн Шадар сайд, Соёл, Үндэсний өвийн сайд П.Глиньски илгээлт ирүүлжээ.

Бенедикт Полак нь алдарт Марко Пологоос 50 шахам жилийн өмнө 1245 – 1247 онд Монголын Их гүрний нийслэлд очиж, Их хаан Гүюгтэй уулзсан Ватиканы элч төлөөлөгчийн бүрэлдэхүүнд орж явсан Польшийн хувраг хүн юм.

Бенедикт Полакын нэрэмжит шагналыг анх 2015 онд Польшийн Ленчица хотоос санаачилан буй болгож, газар дэлхий, далайн гүн, сансрын уудмыг судалж, улс түмнүүдийн соёлыг холбож, гавьяа зүтгэлээр шалгарсан гадаадын болон Польшийн тус бүр нэг нэрт эрдэмтэн, аялагчийг шалгаруулан олгодог болжээ.

2020 оны хувьд гурван эрдэмтнийг шалгаруулж Латвийн эрдэмтэн Эрикс Жекабсонс, Италийн эрдэмтэн Гаетано Платаня, Польшийн  эрдэмтэн Войчех Бэнбэн нар шагналыг хүртжээ.