БНПУ-ын Легницке Поле гминад Монголыг сурталчлах хэсэг байгуулагдаж, түүний нээлт 2020 оны 10 дугаар сарын 8-нд болов. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж оролцов.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Легницийн тулалдааны 780 жилийн ойг 2021 оны 6 дугаар сарын эхээр тэмдэглэх тухай болон энэ үеэр хийхээр харилцан төлөвлөсөн арга хэмжээнүүдийн талаар Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ болон Легница Поле гминий хоорондын Санамж бичигт Элчин сайд Б.Дорж, тус гмины дарга Р.Плежиа нар гарын үсэг зурав. Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Варшавын их сургуулийн Доктор А.Барея “Монголчууд: Азиас Европ руу 13-21 дугаар зуунд” сэдвээр лекц уншив.

Легницке Поле гминад байгуулсан Монголыг сурталчлах хэсэг нь Легницийн тулалдааны 780 жилийн ойд бэлтгэх ажлыг хариуцах бөгөөд Монголыг судалдаг, дэмждэг хүмүүс оржээ. Түүнчлэн тэд Монголыг сурталчлахад чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байх юм.

 

Легницийн тулалдааны 780 жилийн ойг тэмдэглэх саналыг Польшийн орон нутгийн зүгээс тавьсан бөгөөд бүс нутгаа сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тэд анхаарлаа хандуулж байна. ЭСЯ-ны хувьд Монгол Улс, Монголын соёл, түүхийг сурталчлах сайхан боломж гэж үзэж буй.

Дээрх ойн арга хэмжээний үер 1241 оны тулалдааны үйл явцыг харуулсан театрчилсан үзүүлбэрийг зохион байгуулна. Энэ үзүүлбэрийг Польшийн тал жил болгон зохион байгуулдаг. Цаашид дээрх үзүүлбэрийг улам сайжруулах талаар талууд харилцан ярилцлаа. Үүнээс гадна Легницийн тулалдааны сэдвээр эрдэм шинжилгээний хурал хийх, үзэсгэлэнгүүд гаргах, урлагийн тоглолт хийх зэрэг бусад олон арга хэмжээг төлөвлөжээ.

Элчин сайд Б.Дорж Легницке Поле гмина дах Легницийн тулалдаанд зориулсан музейтэй танилцсан бөгөөд Польшийн тал музейгээ шинэчлэн засч, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан дүрс бичлэг, үзүүлэнгүүдийг хийж, тайлбарыг Монголын үзэгчдэд зориулан монгол хэлээр бэлтгэсэн байлаа.

Мөн “Легницийн Вант Улсын түүх, хайгуулын холбоо” хэмээх байгууллагын идэвхтэн нар Легницийн тулалдаан болсон газар эрэл хайгуул хийж байгаа үйл ажиллагаатай Элчин сайд танилцав. Тэд сумны зэв, эртний зоос зэрэг түүхийн олон дурсгалт зүйл олсноо дэлгэн үзүүлэв.