ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН 77-ГИЙН БҮЛГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын 43 дахь уулзалт Нью-Йорк хотноо энэ 9 дүгээр сарын 27-ны өдөр болов. Бүлгийн сайд нарын уулзалтад 77-гийн бүлгийн дарга, Палестиний Ерөнхий сайд М.Штайе, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррес, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы дарга Т.Мухаммад-Банде болон бүлгийн гишүүн орнуудын өндөр түвшний төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтаар сайд нар НҮБ-ын хүрээнд өрнөж буй эдийн засаг, нийгэм, хөгжлийн асуудлууд, ялангуяа Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд бүлгийн оруулж буй хувь нэмэр, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэв.

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг нь эдийн засаг, нийгэм, хөгжлийн асуудалд нэгдмэл байр сууринаас хандан, яриа хэлэлцээнд тэргүүлэх үүрэгтэй оролцож буйг Ерөнхий нарийн бичгийн дарга өндрөөр үнэлээд, олон талт хамтын ажиллагааг үр дүнтэй явуулахад бүлгийн дэмжлэг урьд урьдаас илүү чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн тэрээр НҮБ-ын энхтайван, аюулгүй байдал, хөгжил, менежментийн шинэчлэлийг 77-гийн бүлгийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж байгааг онцоллоо.

Бүлгийн сайд нарын уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож, тогтвортой хөгжлийн хүрээнд үндэсний болон бүс нутаг, олон улсын түвшинд манай улсаас дэвшүүлсэн санал санаачлага, арга хэмжээний талаар танилцуулсны зэрэгцээ тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангахад иргэдийг чадваржуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн шинэлэг арга зам эрэлхийлэхийн чухлыг онцлов. Мөн манай улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, дэмжих замаар Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулж буйг сайд Д.Цогтбаатар тэмдэглээд, Засгийн газраас Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгааг танилцуулав.

Манай улсын хувьд 77-гийн бүлэгт 1989 онд элссэнээс хойш үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож ирсэн. Тухайлбал, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, бичиг үсгийн боловсрол, хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг зэрэг асуудлаарх яриа хэлэлцээнд тэргүүлэх үүрэгтэй оролцож байна.

Энэ удаагийн уулзалтаар төлөөлөгчид 77-гийн бүлэгт нэгдэх Азербайжан Улсын хүсэлтийг хэлэлцэн, тус улс бүлгийн 135 дахь гишүүн болов. Уулзалтаар бүлгийн сайд нарын тунхаглал болон бүлэг байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан хамтарсан тунхаглалыг тус тус баталлаа.