АЛЖИР УЛСТАЙ ГАДААД ХЭРГИЙН ЯАМД ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 27-нд Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Гадаад хэргийн сайд Сабри Букадумтай уулзлаа.

Уулзалтын эхэнд Сайд нар “Улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизм байгуулах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичиг байгуулснаар талууд улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулах боломж бүрдэж буй. Уулзалтын үеэр хоёр талын харилцааг шинэ түвшинд бэхжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.

Алжир Улс нь газрын тосны нөөцөөрөө дэлхийд 15-д ордог. Монгол Улс газрын тос боловсруулах анхны үйлдвэрээ байгуулахаар ажиллаж байгаагийн хувьд тус улсаас туршлага судлах, боловсон хүчнээ бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломжийн талаар мөн ярилцав.