АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН САЙД АХМЕД АЛЬ САЯЕГ-ТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 74 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 27-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн яамны Төрийн сайд Ахмед Аль Саяег-тэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хүрээлэн буй орчин зэрэг салбарт өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Сайд Д.Цогтбаатар АНЭУ-аас Монгол Улсад хэрэгжүүлсэн төслүүд нь ард түмний аж амьдралыг сайжруулахын сацуу хүрээлэн буй орчныг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, Абу-Даби хотноо Монгол Улсын ЭСЯ нээх тухай шийдвэрийн төслийг УИХ-д өргөн барьснаа мэдээлэв. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан дэмжсээр ирсэн уламжлалыг үргэлжлүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, Дубай хотноо болох олон улсын ЭКСПО-2020 үзэсгэлэнд Монгол Улсыг оролцуулах талаар ярилцав.

Талууд Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах боломжийг судлахаар тохиров.