МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол, Индонезийн Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт Ази, Номхон далайн орнуудын газрын захирал нарын түвшинд болов. Жакарта хотноо 2015 онд онд болсон Монгол, Индонезийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааны мөрөөр хийгдсэн ажлуудыг дүгнэж, цаашид хүлээгдэж буй ажлыг эрчимжүүлэх чиглэлээр талууд ярилцав.

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хүрээнд Зүүн өмнөд Ази, АСЕАН-ы хамгийн том зах зээл бүхий Индонез Улстай улс төрийн харилцааг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэлтэйг илэрхийлж, бүс нутгийн интеграцид нэгдэх манай улсын зорилтыг хэрэгжүүлэхэд тус улсын  улсын дэмжлэг бидэнд тун чухал болохыг манай тал онцлон тэмдэглэв.

Өдгөө хоёр улсын хооронд улс төр, батлан хамгаалах, иргэд хоорондын харилцаа харьцангуй идэвхтэй өрнөж байгааг талууд сайшааж, улмаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн түншлэлийг дэмжих чиглэлээр тодорхой санал солилцов.