ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

ОХУ-ын их сургуулиудад суралцаж буй Монгол оюутнууд жил бүрийн намар шинээр ирсэн оюутнуудтайгаа танилцах, мэдээлэл солилцох төрөл бүрийн арга хэмжээ, тухайлбал үдэшлэг, уулзалт, ярилцлага зэргийг зохион байгуулдаг билээ.

Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Монгол оюутнууд 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Танилцах уулзалт, өдөрлөг”-ийг сургуулийнхаа төв байранд зохион байгуулав.

Арга хэмжээний үеэр Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Монголын оюутны холбооны төлөөлөгч Ө.Саруул сургуулийнхаа ерөнхий мэдээлэл болон Москва хотод Монгол оюутнуудын хүрээнд жил бүр уламжлагдан зохион байгууллагддаг уралдаан, тэмцээний талаар шинээр элссэн оюутнуудад танилцуулав. Түүнчлэн, тус сургуулийн дэргэдэх “Сайн дурын үйл ажиллагааны төв”-ийн танилцуулгыг хоёрдугаар курсын оюутан Э.Ариунболор, Менежментын факультетийн танилцуулгыг хоёрдугаар курсын оюутан Б.Номин, “Дэлхийн эдийн засаг, бизнесийн олон улсын сургууль” факультетийн танилцуулгыг гуравдугаар курсын оюутан Э.Мөнхжаргал, Спорт, аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны факультетийн танилцуулгыг хоёрдугаар курсын оюутан Г.Цэндоо, Санхүүгийн факультетийн танилцуулгыг гуравдугаар курсын оюутан С.Жаргалцэцэг, О.Хаш-Эрдэнэ нар тус тус хийв.

Оюутнуудын зохион байгуулсан энэхүү арга хэмжээний уулзалтын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцож, оюутан залуучуудаас Элчин сайдын яаманд хандан гаргадаг нийтлэг санал, хүсэлтийн агуулга, шинж байдал, хэрэгжилт зэргийг танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулав. Уулзалтын төгсгөлд тэрбээр танилцах арга хэмжээний бэлтгэлийг сайтар хангаж, бусад сургууль, хамт олонд үлгэр дууриал болохуйц түвшинд уулзалт, өдөрлөгийг зохион байгуулж буйд нь Оросын эдийн засгийн их сургуулийн Монгол оюутны нутгийн зөвлөлд талархал илэрхийлэв.

Уулзалтын дараа оюутнууд чөлөөт ярилцлага хийж, хөгжөөнт тоглоом тоглож наадсан байна. Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд Монголын 52 оюутан суралцаж байгаа ажээ.