БРИТАНИЙН ГАДААД БОЛОН ХАМТЫН НӨХӨРЛӨЛИЙН ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН САЙД ХЕДЕР УИЛЭР МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

ИБУИНХУ-ын Гадаад болон хамтын нөхөрлөлийн хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн Төрийн сайд хатагтай Хедер Уилэр 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Британийн Төрийн сайд Х.Уилэрийг 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Төрийн сайд Х.Уилэрийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсч, өрнөдийн улс орнуудаас хамгийн анх Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон ИБУИНХУ-тай найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжиж, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, олон улсын аюулгүй байдал зэрэг салбарт хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцлон тэмдэглэв.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монголын ардчиллын өнөөгийн байдал, “гуравдагч хөрш”-ийн бодлогын талаар танилцуулж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Британийн Ерөнхий сайдын томилсон Монголыг хариуцсан Худалдааны элч Жулиан Найтыг үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Уулзалтаар талууд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Засгийн газар хоорондын яриа хэлэлцээний механизм болох Дугуй ширээний ээлжит уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах чиглэлээр санал солилцов.

Уулзалтаар талууд БНАСАУ болон Зүүн хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ногоон хөгжлийг хангахад хамтран ажиллах талаар ярилцав.

Төрийн сайд Х.Уилэр айлчлалын үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нартай тус тус уулзалт хийж, Оюу Толгойн уурхайд зочлох юм.