МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БҮГД НАЙРАМДАХ ЭСТОНИ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 9 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Эстони Улсад ажлын айлчлал хийж, цахим засаглалыг хөгжүүлэх, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг ард иргэдэд шуурхай, үр дүнтэй хүргэх, авлигалыг арилгах, цахим засаглалыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог тэгш хангах чиглэлээр тус улсын тэргүүн туршлагатай танилцав.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Бүгд Найрамдах Эстони Улсын Монгол, Эстонийн парламентын бүлэг,  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Цахим засаглалын академи, Бүртгэл, мэдээллийн төв болон Цахим-Эстони мэдээллийн төвийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын цахим засаглалыг хөгжүүлэх бодлого, зорилтыг танилцуулан, цаашид дээрх чиглэлээр туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах, онол, арга зүйн туслалцаа үзүүлэх мэргэжилтэн солилцох зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны гишүүн Ж.Энхбаяр, УБЕГ, ХХМТГ, МТБЗХ, ХХЗХ, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Монгол шуудан” компани, Мэдээлэл холбооны сүлжээ компани, “Юнител” ХХК зэрэг холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлагууд багтсан байна.