ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮН УЛСУУДЫН АССАМБЛЕЙН 59 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Женев хотноо 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эхэлсэн Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн улсуудын 59 дүгээр чуулганд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх Төв болон олон улсын бусад байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй Оюуны өмчийн газар, Женев дэх Байнгын төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцож байна.

Гишүүн 192 улсын 1000 орчим төлөөлөгчид оролцож буй энэ удаагийн чуулганыг нээж Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Франсис Гарри хэлсэн үгэндээ 2017 оны байдлаар дэлхий даяар 3,2 сая патент, 12,4 сая барааны тэмдэг, 1,2 сая бүтээгдэхүүний загварыг бүртгүүлэхээр мэдүүлсэн нь улс орнуудын эдийн засагт оюуны өмч, биет бус хөрөнгийн оруулж буй хувь нэмэр, ач холбогдол өсөн нэмэгдэж байгаагийн илрэл болохыг цохон тэмдэглэж, оюуны өмчийн бүртгэлийн огцом өсөлтийг технологийн дэвшил, хиймэл оюун ухааныг ашиглан зохицуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг онцлов.

Чуулганы эхний өдрүүдэд явагдаж буй ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн энэ чуулганы үеэр хэлэлцэх зарим асуудлаарх манай улсын байр суурийг илэрхийлж, Монгол Улс оюуны өмчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх чиглэлд үндэсний болон олон улсын хэмжээнд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг танилцуулав. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар энэ оны 5 дугаар сард “Монгол Улсын зохиогчийн эрхийн тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт үндэсний семинар, “Зохиогчийн эрх эдийн засаг болон соёлын хөгжлийн хөдөлгөгч хүч болох нь” сэдэвт бүсийн чуулганыг тус тус зохион байгуулсанаас гадна Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран “Далайд гарцгүй хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудын инновац, технологийн чадавхыг дээшлүүлэх түншлэл” олон улсын хурлыг 9 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг онцлон дурдав.

Энэ сарын 9-ний өдрийг дуустал үргэлжлэх энэхүү чуулганаар Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирлыг тохоон томилох журамд оруулах нэмэлт өөрчлөлт, Зохицуулах хороо болон Төсөв, хөтөлбөрийн хорооны бүтэц, бүрэлдэхүүнд оруулах өөрчлөлт, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хилийн чанад дахь албыг нээх асуудал, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагаанд хийсэн үнэлгээ, аудитын дүн, оюуны өмчийн олон улсын бүртгэлийн систем тус бүрийн тайлан зэрэг олон асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргана.