ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ АСУУДЛААР ҮГ ХЭЛЭВ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы 3 дугаар хорооны энэ 10 дугаар сарын 4-ний нэгдсэн хуралдаанаар эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, чадавхижуулах асуудлыг авч хэлэлцлээ.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд уг хуралдаанд оролцож, Эмэгтэйчүүдийг чадавхижуулах, шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх нь Монгол Улсын үндэсний хөгжлийн чухал зорилт болохыг онцолж, Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, чадавхижуулахад гарсан ахиц дэвшил, тулгарч буй бэрхшээл, Засгийн газраас жендэрийн тэгш эрхийг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж үг хэлэв.

Тус хуралдаанд оролцсон гишүүн орнуудын төлөөлөгчид эмэгтэйчүүдийн аж байдлын өнөөгийн байдал, жендэрийн тэгш эрхийг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулахад гарсан ололт амжилтыг дүгнэн, тулгарч буй сорилтууд, тэдгээрийг даван туулах, цаашид авч хэрэгжүүлэх зорилтын талаар санал солилцов.