МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД А.У.МАМИНТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

Бүгд Найрамдах Казахстан Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр тус Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Маминтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд “Монгол Улсын Ерөнхий сайд Казахстан Улсад 25 жилийн дараа айлчилж байгааг онцлоод Монгол, Казахстаны харилцааг шинэ түвшинд гаргах зорилгоор тус улсад айлчилж байгаагаа тэмдэглэв. А.У.Мамин “Найрсаг харилцаатай, хөрш зэргэлдээ орших Монгол Улсаас Ерөнхий сайдын түвшинд хүндэт зочин хүлээн авч байгаадаа баяртай байгаа”-гаа илэрхийлээд Казахстан Улсад монголын төлөөлөгчдийг тавтай зочлохыг хүсэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол, Казахстаны ард түмэн түүх, соёлын хувьд гүн гүнзгий хэлхээ холбоотой бөгөөд бид ЗХУ-ын үед ч найрсаг, дотно харилцаатай байсан. Манай хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоож, 1993 онд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш хоёр талын харилцаа тогтвортой урагшлан хөгжиж ирсэн”-ийг тэмдэглэв. Одоо улс төрийн харилцааны бат бэх сууриндаа тулгуурлан худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлж, бизнесийн хэлхээ холбоог өргөжүүлэх цаг болсон гэдгийг цохон тэмдэглэв.

Ерөнхий сайд А.У.Мамин Монгол, Казахстаны харилцааг шинэ түвшинд гаргах цаг үе ирснийг мөн онцлоод хамтын ажиллагааг эдийн засаг, бизнес, худалдааны чиглэлд түлхүү хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Тэрээр худалдаа, эдийн засгийн харилцааг чанарын шинэ түвшинд гаргах үүднээс хоёр тал ажлын хэсэг томилж, хамтран замын зураг боловсруулах санал дэвшүүлэв. Мөн 70 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний 130  сая гаруй ам.долларын худалдааг Монгол Улстай хийх нөөц бололцоо байгааг тэмдэглэв. Мөн тэрээр худалдаа, эдийн засгийн салбарын харилцааг эрчимжүүлэх хүрээнд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын казахстаны хэсгийн даргын албан тушаалд Худалдаа, интеграцийн сайдаа томилохоор өчигдөр шийдвэрлэснээ танилцуулав. Талууд уг Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг Улаанбаатар хотноо ирэх онд зохион байгуулж, энэ удаагийн айлчлалаар ярьж тохирсон ажлуудын хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллахаар тогтов.

Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд зохиогдох Монгол, Казахстаны бизнес форум нь эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд дөхөм болно гэдэгт талууд найдаж байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Цагааннуур чөлөөт бүс казахстаны талын сонирхлыг ихээхэн татаж байгааг Ерөнхий сайд А.У.Мамин дурдаад уг чөлөөт бүсийг түшиглэн тээвэр, худалдааны логистикийн төвийг Алтайн бүс нутагт байгуулах боломж байгааг илэрхийлэв.

Хоёр улсын аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа урагшлан хөгжиж байгааг талууд тэмдэглээд энэ удаагийн айлчлалын үеэр Терроризмтэй тэмцэхэд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсны ач холбогдлыг талууд онцлов.

Талууд Казахстаны “Скат Эйрлайнс” компани Нур-Султан, Улаанбаатарын хооронд энэ оны 6 дугаар сараас шууд нислэг үйлдэж эхэлснээр иргэд хоорондын солилцоо нэмэгдэж, улмаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гарах төлөв нээгдэж байгааг тэмдэглэв. Казахстаны тал Алматы, Улаанбаатарын хооронд Монголын авиакомпани нислэг үйлдэхээр ажиллаж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газар саяхан Ирээдүйн өв сангийн Корпорацийг байгуулсныг танилцуулаад үүнтэй холбогдуулан Казахстаны баялгийн “Самрук казына” сангийн туршлагаас судалж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Монгол Улсад “Үндэсний алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр хоёр талын холбогдох аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж байгааг тодорхой үр дүнд хүргэх сонирхолтой буйгаа хоёр тал харилцан нотлов.

Хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Казахстан Улсад экспортлох мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсын баруун бүс нутагт хоёр талын хамтарсан эрчимжсэн мал аж ахуйн ферм, махны үйлдвэр байгуулан Ойрхи Дорнодын орнууд руу экспортлох саналыг монголын талаас тавив. Энэ удаагийн айлчлалаар Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт болон Ургамал, газар тариалангийн хүрээлэн хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулж байгаа нь хамтын ажиллагааны бодит эхлэл болно гэдэгт казахстаны тал найдаж байгаагаа илэрхийлэв.

Айлчлалын хүрээнд манай хоёр нийслэл хотуудын хооронд Ах дүү хотын харилцаа тогтоохоор тохиролцож, Санамж бичигт гарын үсэг зурлаа. А.У.Мамин “Монгол Улс Улаанбаатар хотын дагуул хот, тухайлбал Майдар хотыг байгуулахаар ажиллаж байгааг мэдэж байгаа, үүнтэй холбогдуулан казахстаны компаниуд монголын талтай хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн дурдав.

Монгол, Казахстаны түүх, соёл, боловсрол, урлаг, спорт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж байгааг хоёр тал тэмдэглээд цаашид оюутан залуусын солилцоог нэмэгдүүлэх, харилцан соёлын өдрүүд тэмдэглэх, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр хоёр улсын Ерөнхий сайд нар ярилцав.

Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн, цаашид ч энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр ярилцав.