МОНГОЛ, КАЗАХСТАНЫ БИЗНЕС ФОРУМ НУР-СУЛТАН ХОТНОО БОЛОВ

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Аскар Мамины урилгаар тус улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол, Казахстаны бизнес форум Нур-Султан хотноо зохион байгуулагдав.

 

Бизнес форумын үйл ажиллагаанд хоёр орны төр, засгийн байгууллага, бизнес эрхлэгчид нийлсэн 200 орчим төлөөлөгчид оролцов.

Бизнес форумыг нээж хоёр улсын Ерөнхий сайд нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.

Хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг шинэ түвшинд гаргахын тулд уул уурхай, хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалан, газрын тос, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал зэрэг олон салбаруудад байгаа нөөц боломжийг хамтран ашиглах нь зүйтэйг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлон тэмдэглэв.

Бизнес форумын үеэр “Алт, мөнгө /үнэт металл/ цэвэршүүлэх үйлдвэр, барих, ашиглалтад оруулах тухай”  “Эрдэнэс Алт ресурс” ХХК,  Казахстаны  “Сымбат  инжиниринг” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлтэй Гэрээ, Төв Азийн бүс нутагт жимс, жимсгэнэ, мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэх талаар нислэгийн компаниудтай хамтран ажиллах тухай” “Mongolian Air way cargo” ХХК , Казахстаны агаарын тээврийн ”SCAT Airlines”  компани хооронд Санамж бичиг зэрэг 8 баримт бичигт гарын үсэг зурав.

Бизнес форумд мөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар оролцож салбарынхаа бодлого, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжийн талаар танилцуулга хийв. Форумын төгсгөлд хоёр талын ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулагдав.

Энэ удаагийн Монгол, Казахстаны бизнес форум нь хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, бодит үр дүнд хүргэхэд зохих хувь нэмрээ оруулсан, чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.