ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨХ МОНГОЛ-ЯПОНЫ ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОЛТЫН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАВ

Монголын баг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх хоёрдугаар шатны тоглолтод анх удаа Японы шигшээ багтай энэ оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Сайтама 2002” цэнгэлдэх хүрээлэнд тоглов. Уг арга хэмжээнд нийт 43122 үзэгч сонирхож, тухайн өдрийн тийз бүрэн борлуулагдсан байна.

Арга хэмжээний үеэр мөн өдрийн 13.00-20.00 цагт Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбоо болон Монгол оюутны холбоотой хамтран “Сайтама 2002″ цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы хажууд “Монгол павильон” ажиллуулж,  манай улсын соёл урлаг, ахуй, зан заншил, хот суурин газар, хөдөө орон нутгийг өргөн хүрээнд сурталчилж, Монгол орны талаарх видео танилцуулга хийх, сурталчилгааны хэвлэмэл материал тараах, монгол дээл, хувцас өмсгөх, Монголын дуу хөгжим, түүний дотор морин хуурын тоглолтыг хийх зэргээр ажиллав. Түүнчлэн уг хөлбөмбөгийн тэмцээнд монголын багийг дэмжигч нарт 400 ширхэг монголын дарцаг тараав. Мөн Токиод үйл ажиллагаа явуулж буй “Улаанбаатар”, “MJ House” зоогийн газрууд олон нийтэд монгол зоогоор үйлчлэв.

Тус тоглолтын өмнө Монголын хөлбөмбөгийн холбоо, Японы хөлбөмбөгийн холбоо хооронд Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулав.