ГЕРМАНЫ АЯЛАГЧ-СУДЛААЧ Х.КОНСТЕНИЙ НОМЫН НЭЭЛТ, ТҮҮХЭН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛОН “Х.КОНСТЕНИЙ ӨВ, БҮТЭЭЛ ТУУРВИЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

Монгол улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Германы аялагч-судлаач Х.Констений “Цөвүүн цагийн эрчлээс дундах Монгол орноор” хоёр боть номын нээлт, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн болон “Х.Констений өв, бүтээл туурвил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ГХЯ-нд болов. Энэхүү арга хэмжээг Гадаад харилцааны яам, Үндэсний түүхийн музей, Үндэсний гэрэл зурагчдын нэгдсэн холбоо болон Германы Элчин сайдын яам хамтран зохион байгуулав.

Монгол Улсын түүхийг танин мэдэх, судлах, цаашлаад Монгол, Германы харилцааны түүхийн чухал судлагдахуун болох Х.Констений хоёр боть номыг Элчин сайд асан, нийтлэлч, орчуулагч Б.Баярсайхан монгол хэлнээ хөрвүүлж, монгол судлалын эрдэмтэд, судлаачдад төдийгүй олон нийтэд хүртээл болгож байна.

 

 

 

 

 

 

 

 

Х.Констен 1907–1913 онд болон 1928/29 онд Монгол орноор хэд хэдэн удаа аялж, 1919 онд аяллын тэмдэглэлээ хоёр боть болгон хэвлүүлж байжээ. Монгол Улсад 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, тусгаар тогтнолоо тунхаглан, Жибзундамба хутагтыг хаан ширээнд өргөмжилсөн тухай ноотыг АНУ, Их Британи, Франц, Герман, Япон зэрэг гүрнүүдийн удирдагчдад илгээж байсан түүхэн цаг үед Х.Констен Монголд байсан бөгөөд орчин цагийн Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны эхлэлийг тавихад хувь нэмрээ оруулж байсан хүн юм.

Түүний үлдээсэн өв, бүтээл туурвил болох “Цөвүүн цагийн эрчлээс дундах Монгол орноор” номын монгол судлалд оруулсан хувь нэмэр, ач холбогдлыг  эрдэм шинжилгээний бага хурлаар эрдэмтэд, судлаачид олон өнцгөөс авч үзэн дэлгэрэнгүй ярилцсаны сацуу түүний бүтээлийг нарийвчлан судлах шаардлагатайг санал нэгтэй тэмдэглэв.