ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД УЛААНБААТАР – ОЛОН УЛСЫН ӨДӨРЛӨГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд болж байгаа “Улаанбаатар – олон улсын өдөрлөг 2019” арга хэмжээнд оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр мэндчилгээндээ “…Үе үеийн Гадаад харилцааны салбарын ажилтнууд Монгол Улсынхаа хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх нөр их ажлынхаа хүрээнд нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжлийн асуудлыг ямагт анхаарч ажиллаж ирсэн байдаг.

Улаанбаатар хотыг улс үндэстний хөгжлийн төв болгох бодлогын хүрээнд бүтээн байгуулалтын ажлуудыг урагшлуулахад чиглэгдсэн яриа хэлэлцээ явуулж, холбогдох гэрээ хэлэлцээрийг гадаадын улс орнуудтай байгуулахад Монгол Улсын дипломат алба тухайн үеийн социалист орнуудтай улс үндэстний язгуур эрх ашгийн төлөө хамтран ажиллаж ирсэн түүхтэй.

Тухайлбал, аж үйлдвэрийн комбинат, цахилгаан станцууд, арьс ширний үйлдвэрийн нэгтгэлүүд, барилга, барилгын материалын үйлдвэрүүд, хөнгөн ба хүнсний үйлдвэрүүд, ноос, ноосон нэхмэлийн үйлдвэрүүд, хивсний үйлдвэр, автомашин механизмын засварын завод, мебель-картоны үйлдвэр г.м. улс орны эдийн засгийн олон салбарын үндэс суурийг тавихад гадаад харилцааны салбар идэвхтэй хамтран ажиллаж байсан нь түүхэнд бичигдэн үлджээ” хэмээн онцлов.