ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гарреттийг 10 дугаар сарын 21-нд ГХЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Монгол Улс тус байгууллагын идэвхтэй гишүүн орны хувьд үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, ойр дотно хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд ардчиллын ололт амжилт, тулгарч буй сорилтуудын талаар мэдээлж, ардчиллыг улам бэхжүүлэн хөгжүүлэхээ илэрхийлэв.

Ноён Т.Гаррет АОХН-ийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар товч танилцуулж, Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглэсэн ба ирэх онд Румын Улсад болох АОХН-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохыг урьсан байна.

АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гарретт 10 дугаар сарын 20-23-нд манай улсад айлчилж байгаа бөгөөд айлчлалынхаа үеэр манай төр засгийн албаны хүмүүс, иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзаж, Монгол Улс дахь ардчилал хийгээд ардчиллыг бэхжүүлэх үйл явцын талаар судалж байгаа юм.