Хонконгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонконгийн Худалдаа хөгжүүлэх зөвлөлийн Гүйцэтгэх дэд захирал Патрик Лаутай уулзлаа. Уулзалтаар хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, монгол, хонконгийн компаниудад тус тусын зах зээлд үйл ажиллагаа явуулах, монгол компаниудыг Хонконгийн зах зээлээр дамжуулан дэлхийн зах зээл дээр өрсөлдөхөд нь дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. Мөн талууд Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдэд хөрөнгө татах, Монголын гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг тус Зөвлөлийн сүлжээгээр дамжуулан Хонконгийн зах зээлд, цаашлаад бүс нутгийн орнуудын зах зээл дээр борлуулах чиглэлээр хамтран ажиллахаа зарчмын хувьд тохиролцов. Жижиг, дунд үйлдвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой Хонконгийн Худалдаа хөгжүүлэх зөвлөл нь 1966 онд байгуулагдсан бөгөөд өдгөө хилийн чанад дахь 50 гаруй төлөөлөгчийн газраараа дамжуулан үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж буй дэлхийд томоохонд тооцогдох бизнес хөгжлийн байгууллага юм. Цаашид хоёр талын болон бүс нутгийн Худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарсан уулзалт зөвлөгөөн, үзэсгэлэн зохион байгуулах боломжийг судалж идэвхитэй ажиллах талаар санал нэгдэв. Тус байгууллагын Бүс ба Зам санаачлагын хүрээнд Монголын Эдийн засгийн коридорын төслүүдийг танилцуулах, ГХЯ-ны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийг мөн сүлжээнд хамруулан хамтран ажиллах боломжийг бий болгохоор ярилцаж тохиров.