ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АБЭ ШИНЗО-ТОЙ УУЛЗЛАА

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг энэ сарын 21-ний өдөр Төрийн хүндэтгэлийн ордондоо хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улсын зарим бүсийг дайрсан “Хагибис” хар шуурга, байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эмгэнэл илэрхийлж, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд “Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Япон Улсад айлчлах үеэр хоёр талын ярилцсан асуудлууд эдүгээ амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна” гэв. Тухайлбал, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн гэрээг талууд богино хугацаанд амжилттай байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж буйг тэрээр тэмдэглэв.

Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Засгийн газар мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж, банк санхүүгийн зарим хүндрэлээ шийдвэрлэсний дараагаар Япон Улсын Засгийн газраас олгох хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд У. Хүрэлсүх “Ерөнхий сайд  Абэ Шинзо Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Манай улс ардчилал, зах зээлийн тогтолцоо руу шилжсэн цаг үеэс нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт Япон Улсын Засгийн газар, ард түмэн тууштай дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Монголын ард түмэн, Засгийн газар гүнээ талархдаг билээ. Монгол Улс Япон Улсын идэвхтэй энх тайванч гадаад бодлого, мөн Ерөнхий сайд Таны дэвшүүлсэн “Энэтхэг-Номхон далайн үзэл санаа”-г дэмжиж байгаагаа дахин илэрхийлж байна. Манай хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор хоёр улсын найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болохуйц эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөрүүдийг Япон Улстай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй  байна” хэмээн онцлов.

Түүнчлэн Ерөнхий сайд У. Хүрэлсүх хоёр талын биеийн тамир, спортын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, 2020 оны Токиогийн Олимп, Паралимпийг Япон Улсын Засгийн газар амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжлахад Ш.Абэ талархан хүлээж авав.

Талууд  хоёр улсын найрсаг харилцааны үндэс суурь болсон ард иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг  улам бүр бэхжүүлэхээ илэрхийлж, хоёр улсын харилцааг бүс нутаг олон улсын тавцанд гүнзгийрүүлж ажиллахаа нотлов.