МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН ГУРАВДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улс, БНЧУ-ын ГХЯ хоорондын Консулын гуравдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр болж өнгөрлөө.

Консулын зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, чехийн талын төлөөлөгчдийг тус улсын ГХЯ-ны Эрх зүй, консулын асуудал хариуцсан дэд сайд Мартин Смолек нар тус тус тэргүүлж оролцов. Талууд 2017 оноос эхлэн консулын асуудлаар тусгайлан зөвлөлдөх энэхүү механизмыг бий болгосноор хоёр талын иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын харилцаа, хамтын ажиллагаанд үр дүнтэй өөрчлөлтүүд гарч байгааг тэмдэглэв. Тухайлбал, манай улсын иргэд Чех улсын болон Шенгений виз мэдүүлэхэд өмнө нь тулгарч байсан хүндрэлүүдийг арилгаж, таатай нөхцөл бүрдүүлснээс гадна БНЧУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Режим Монголия” хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн гэрээнд хамрагдан Чех улсад ажиллаж байгаа 1000 орчим монгол иргэдийн тоог нэмэгдүүлэх, тэдгээрийн нийгмийн баталгааг хангах зэрэг асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын БНЧУ-д 2019 оны 5 дугаар сард хийсэн айлчлалын үеэр гарын үсэг зурсан хоёр улсын засгийн газар хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох чиглэлээр хийгдэж буй ажлын явцын талаар мэдээлэл солилцож, хоёр талын хууль сахиулах байгууллага хооронд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, мөнгө угаах, терроризм, цахим орчинд халдлага үйлдэх зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломжийн талаар тус тус ярилцсан болно.

Өнөөдрийн байдлаар БНЧУ-д манай улсын 9700 орчим иргэн ажиллаж, амьдарч байгаа нь Европын Холбооны гишүүн орнууд дотроо тэргүүлэх үзүүлэлт бөгөөд Монгол Улс, ЕХ-ны гишүүн орнуудаас БНЧУ-тай консулын асуудлаар тусгайлсан яриа хэлэлцээг ийнхүү тогтмол хийж байгаа нь Чех улсад оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.