Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клуб /ЭДК/ энэ аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар зочид буудалд “Сайн санааны үйлс“ өдөрлөгөө уламжлал ёсоор Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчийн газрууд, дотоодын аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй хамтран зохион байгуулав.

Тус өдөрлөгийн нээлтийн ёслолд  Монгол Улсын Гадаад харилцааны сайдын гэргий Б.Энх-Амгалан, ГХЯ-ны холбогдох газруудын удирдлага  болон манай улсад суугаа Элчин сайдын яамдын тэргүүн нар хүндэт зочноор оролцов. Эмэгтэйчүүдийн дипломат клубын тэргүүн С.Онон, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Ахмед Язал, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу нар хэлсэн үгэндээ Эмэгтэйчүүдийн дипломат клубын зохион байгуулж буй үйл ажиллагааг үнэлж, цаашид ч үндэсний бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчлах, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд боломжтой дэмжлэг үзүүлэх, нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслахад чиглэсэн төслүүдийг үргэлжлүүлэх явдал чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Энэхүү өдөрлөгт Вьетнам, Итали, Лаос, ОХУ, БНСУ, Турк, БНХАУ, Энэтхэг, Японы Элчин сайдын яамд, Европын Холбооны Төлөөлөгчийн газар соёл, урлаг, үндэсний хоол, бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, идэвхтэй  оролцсон ба “сайн санааны үйлсэд” ихээхэн дэмжлэг үзүүлэв. Түүнчлэн манай улсын аж ахуйн нэгжүүд, гарааны бизнес болон хувиараа аж ахуй эрхлэгчид, Азийн сан, Европын Холбооны шугамаар Монголд хэрэгжиж байгаа төслүүд бараа, бүтээгдэхүүнээ таниулан сурталчилав.

Эмэгтэйчүүдийн дипломат клубын дэмжлэгтэй хэрэгжсэн Дорноговь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгийн ангийн тохижилт, Монголд анх удаа байгуулагдсан “Иргэний номын сан”-г тохижуулах төсөл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөдөлмөрт сургахад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах төслийн үр дүнг төсөл хэрэгжүүлсэн байгууллагууд олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулав.

Өдөрлөгийн үеэр “The Crew” хамтлаг, ОХУ-ын ЭСЯ-ны урлагын үзүүлбэр, монгол дээл, хувцасны загварын үзүүлбэр тус тус танилцуулсан  нь олон нийтийн сонирхол, сайшаалыг хүлээж, өдөрлөг нөхөрсөг уур амьсгалд болж өндөрлөв.