ЭКСПОРТ МОНГОЛ-2019 ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“Монгол экспорт хөтөлбөр”-т тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “ЭКСПОРТ МОНГОЛ-2019” олон улсын бизнес форум, үзэсгэлэн худалдаа 2019 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Энэхүү олон улсын бизнес форум, үзэсгэлэн худалдааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжлийн газар, Экспорт олон улсын худалдааны төв /ТББ/-тэй хамтран дэмжигч, оролцогч байгууллагууд, жижиг дунд, бизнес эрхлэгчдийн оролцоотойгоор зохион байгуулж байна.

Хоёр өдөр үргэлжлэх олон улсын форумын үеэр “Монгол Улсын уул уурхайн бус салбарын  экспортын бодлого”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг экспортын чиглэлд хөгжүүлэх нь”, “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин”, “Импортыг орлох экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих бодлого, хөтөлбөрүүд” үндсэн илтгэлийг сонсч, “Гадаад худалдаа-Экспортыг дэмжих чиглэлд төрийн оролцоо, бодлого, дэмжлэг”,  “Уул уурхайн бус салбарын экспортын боломж, гарц шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн экспортын чиглэлтэй жижиг, дунд үйлдвэрүүдийн үзэсгэлэн худалдаа, бүтээгдэхүүний танилцуулга, загварын үзүүлбэр болж, экспортлогчдод зориулсан сургалт, семинар зохион байгуулагдана.

Олон улсын бизнес форумын нээлтийн ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч А.Михнев, Турк Улсын Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн байгууллагын дэд ерөнхийлөгч С.Туна Сахин нар үг хэлэв.

Форумын үйл ажиллагаанд Япон, Турк, Филиппин, Австрали, Итали, Франц зэрэг орны зочид, монголын төр, хувийн хэвшил, бизнесийн төлөөлөл 200 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилтийн талаарх бодит мэдээлэлтэй танилцах, зах зээлээ тэлэх, экспортын шаардлага, техникийн зохицуулалтын чиглэлээр сургалтад хамрагдаж, бизнесээ хөгжүүлэх боломжийн талаар олон улсын туршлага, чиг хандлагын талаар тодорхой мэдээллийг нэг дороос хүлээн авч байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүртээмжтэй арга хэмжээ болж байна хэмээн форумын ач холбогдлыг оролцогчид өндрөөр үнэлж байна.