Монгол Улсаас Бүгд Найрамдах Эстони Улсад хавсран суугаа Элчин сайд Т.Жанабазар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эстонийн Цахим засаглалын академийн Гүйцэтгэх захирал ноён Арво Оттой уулзаж, хоёр улсын цахим засаглал, мэдээллийн технологи, цахим аюулгүйн байдлын чиглэлээрх хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Элчин сайд Т.Жанабазар Монгол Улсад цахим засаглалыг хөгжүүлэхэд эстонийн туршлага, санал зөвлөмж их чухал байсныг онцлон тэмдэглээд төрийн цахим үйлчилгээний “E-Mongolia” нэгдсэн систем ажиллаж буй талаар мэдээлэв.

Цаашид талууд цахим засаглалын асуудлаар хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, Таллины их сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр Монголоос оюутан сургахад тус Академийн зүгээс дэмжлэг үзүүлэх, монголын мэргэжилтнүүдийг богино хугацааны сургалтуудад хамруулах чиглэлд идэвхтэй хамтран ажиллах болов.

Түүнчлэн Эстонийн цахим засаглалын академиас 2021 оны 5 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд болох “Цахим засаглал 2021” олон улсын бага хуралд Монгол Улсын төлөөллийг албан ёсоор урьж оролцуулах болов. Энэхүү бага хурлыг Эстонийн засгийн газар жил бүр зохион байгуулдаг бөгөөд дэлхийн 130 гаруй орны 1200 гаруй төлөөлөл оролцож, цахим засаглалын шилдэг туршлага, технологийн шинэлэг шийдлүүдийг танилцуулж, харилцан туршлага солилцдог арга хэмжээ юм.