ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ДЭД САЙДЫН ОРЛОГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Энэ сарын 28-наас 30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Худалдааны яамны Хятад, Монголыг хариуцсан дэд сайдын орлогч Алан Төрли тэргүүтэй бизнесийн төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзав.

Өнгөрсөн жил ноён Алан Төрли америкийн бизнесийн төлөөлөгчдийг мөн ахлан Монголд ирсэн бөгөөд энэ удаа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улстай амжилттай хамтран ажиллаж байгаа Америкийн дэлхийд нэртэй Боинг, Женерал Электрик , Вабтек, Дөү Кемикал компаниудын төлөөлөл оржээ.

Уулзалтаар эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, техник, технологийн салбарт хоёр орны хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх нөөц бололцоо их буйг талууд нотлоод цаашид дээрх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах талаар харилцан мэдээлэл солилцов.