“Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулах Хамтарсан ажлын хэсгийн дарга нарын (дэд сайдын түвшний) анхдугаар уулзалтыг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулав.

Уулзалтад оролцсон монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, орос, хятадын талыг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд П.В.Засельский, БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны орлогч дарга Нин Жиже нар тус тус ахлав. Уулзалтад манай талаас Шадар сайдын ажлын алба,  Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрдэнэс Монгол ХХК болон гурван талын холбогдох бусад байгууллагын төлөөлөгчид оролцов.

Ажлын хэсгийн дарга нарын уулзалтаар талууд тэргүүлэх ач холбогдол бүхий төслүүдийг урагшлуулах, түүний дотор “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын Төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл”, “Төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийн Ажлын төлөвлөгөө”-ний төслийг эцэслэн тохиролцож, гурван улсын Төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын үеэр гарын үсэг зурахаар тохиролцов. Түүнчлэн талууд гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон  автотээврийн төсөл, ОХУ-аас БНХАУ руу нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах төслийн явцыг тус тус хэлэлцсэнээс гадна аялал жуулчлал, боловсрол зэрэг бусад салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Гурван улсын төрийн тэргүүн нарын 2016 онд болсон дээд хэмжээний уулзалтаар тохиролцож баталсан  “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд зам тээвэр, эрчим хүч, аж үйлдвэр, хил гааль, шинжлэх ухаан технологи, хөдөө аж ахуй зэрэг 9 салбарт нийт 32 төсөл арга хэмжээг гурван улс хамтран хэрэгжүүлэх юм.