ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР АНУ-ЫН ПОТОМАКИЙН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

АНУ-ын Потомакийн Их Сургуулийн Ерөнхийлөгч ноён Рик Мөрфри Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай 10 дугаар сарын 29-нд уулзаж, Монгол, Америкийн их, дээд сургуулиудын хооронд харилцаа холбоо тогтоох, монгол оюутнуудыг хөнгөлөлттэй нөхцлөөр суралцуулах талаар ажиллаж байгаагаа мэдээлж, санал солилцов.

Сайд Д.Цогтбаатар Монголын оюутан залуусын гадаадын улс оронд суралцах, мэргэжил эзэмших боломжийг нэмэгдүүлэхэд Потомакийн Их Сургуулийн энэхүү санал санаачилга нь чухал үүрэгтэй болохыг тэмдэглэв.

Потомакийн Их Сургууль нь оюутан сургах асуудлаар манай БСШУСЯ, МУИС зэрэг байгууллагатай хамтран ажиллах талаар ярилцаж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар АНУ-д 3000 орчим монгол оюутан суралцаж байна.