ЖЕНДЭРИЙН АСУУДЛААР МОНГОЛ УЛС ДАХЬ ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Гадаад харилцааны яам, Жендэрийн үндэсний хорооноос хамтран Монгол Улс дахь хөгжлийн түншлэгчидтэй уулзалт зохион байгуулж, жендэрийн асуудлаарх төсөл, хөтөлбөрийн нэгдмэл байдлыг хангах асуудлаар харилцан мэдээлэл солилцов.

ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Жендэрийн тэгш байдлыг хангах нь хүний эрхэд суурилсан хөгжлийн салшгүй хэсэг, үндсэн арга зам болохыг манай Засгийн газар хүлээн зөвшөөрч, хөгжлийн бүхий л бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал, арга барилыг нэвтрүүлэхийг зорьж байгаа бөгөөд энэ талбарт олсон амжилт ололтоо бататган, шинэ тутам тулгарч буй асуудлуудад шийдэл олоход бидэнд олон улсын хамтын ажиллагаа, туслалцаа урьдын адил  чухал байна” гэж тэмдэглэв.

Хэлэлцүүлгийн үеэр Гадаад харилцааны яам, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар, Жендэрийн үндэсний хороо зэрэг төрийн байгууллагын зэрэгцээ хоёр талын болон олон талт хөгжлийн түншүүд жендэрийн тэгш байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн хөтөлбөр, арга хэмжээ, тулгамдаж буй нийтлэг асуудлын гарц, оновчтой шийдлийн талаар санал бодлоо хуваалцаж, цаашид эл уулзалтыг тогтмол хийж байхаар тогтов.