Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба (АИХЭА)-аас Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдалд хийсэн үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж, хэлэлцүүлэх дугуй ширээний уулзалт 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр цахимаар эхэллээ.

АИХЭА нь 2018 онд ЕАБХАБ-ын гишүүн улсууд дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдалд үнэлгээ хийх ажлыг эхлүүлсэн бөгөөд үүний хүрээнд тус албаны төлөөлөгчид манай улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдал, энэ чиглэлээрх ололт амжилт, сорилт бэрхшээлийг тогтоох, улмаар манай Засгийн газарт санал зөвлөмж өгөх, мөрөөр хамтран ажиллах боломжийг тодруулах зорилгоор 2018 оны 9 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж, 2019 оны 11 дүгээр сард холбогдох дүгнэлт, санал зөвлөмж бүхий тайлангаа гаргасан юм.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү уулзалтыг Монгол Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Д.Цогтбаатар, АИХЭА-ны 1 дүгээр орлогч захирал, Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч хатагтай Катаржина Гардапхадзе нар нээж үг хэлэв. Илтгэгчид хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хангахад хүний эрхийг хамгаалагчдын дуу хоолой, хувь нэмэр чухал үүрэгтэйг тэмдэглэж, хүний эрхийг хамгаалагчдын тухай ойлголт, мэдлэгийг бүх түвшинд сайжруулах, тэдний үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, дэмжих хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал болохыг онцлов.

Цахим дугуй ширээний уулзалтад УИХ, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Жендэрийн үндэсний хороо, Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, иргэний нийгмийн болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагын 50 орчим төлөөлөгчид оролцож байна. Уулзалтын хоёр дахь өдрийн хуралдаанд НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын асуудал хариуцсан Тусгай илтгэгч хатагтай Мэри Лаулор (Mary Lawlor) зочин илтгэгчээр оролцож, санал бодлоо хуваалцах юм.

Оролцогчид уулзалтын эхний өдөр АИХЭА-наас гаргасан дүгнэлт, зөвлөмжийн талаар нээлттэй хэлэлцэж, цаашид анхаарах асуудал болон хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо.

Цахим дугуй ширээний уулзалт үргэлжилж байна.

 

*** ЕАБХАБ-ын АИХЭА нь хүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гишүүн улсуудын хүлээсэн үүрэг амлалтын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлдэг. АИХЭА-аас гишүүн улсууд дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдалд үнэлгээ хийх зорилгоор 2018 онд гаргасан хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар нааштайгаар хүлээн авч, дэмжиж ажилласан ба Монгол Улс нь үнэлгээ хийсэн эхний таван улсын нэг юм. АИХЭА-аас ийм үнэлгээг мөн Гүрж, Итали, Монтенегро, Чех Улсад тус тус хийгээд байна.

АИХЭА нь үнэлгээний эхний мөчлөгт хамрагдсан улсуудын талаар нэгдсэн тайлан бэлтгэж энэ ондоо багтаан олон нийтэд танилцуулахаар төлөвлөж буй.