Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Найроби дахь НҮБ-ын төвийн Ерөнхий захирал хатагтай Зайнаб Хава Бангурад Байгаль орчны хөтөлбөрийн дэргэд суух Байнгын төлөөлөгчийн хувьд итгэмжлэх захидлаа цахим хэлбэрээр барив.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс Найроби дахь НҮБ-ын байгууллагууд, ялангуяа НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Түүнчлэн  Монгол Улсын Засгийн газраас хүрээлэн буй орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хүч чармайлтад оруулж буй хэвь нэмэр, баримталж буй бодлогын талаар товч мэдээлэл өгөв.