ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД Х.ИБОДЗОДАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдсон Х.Ибодзодаг хүлээн авч уулзав. Уулзалтаар Элчин сайд Х.Ибодзода дэд сайд Б.Батцэцэгт Итгэмжлэх жуух бичгийн хувиа гардуулж, талууд Монгол, Тажикистаны хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Элчин  сайд Х.Ибодзода Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийн энэ оны 4 дүгээр сард Тажикистан Улсад хийсэн айлчлалыг хоёр талын улс төрийн яриа хэлэлцээг сэргээхэд түлхэц болсон тухай дурдав.

Талууд ноос ноолуур, арьс шир боловсруулалтын чиглэлээр хамтарч ажиллах боломж эрэлхийлж ажиллахаар ярилцав. Дэд сайд Б.Батцэцэг уулзалтын төгсгөлд Тажикистаны Элчин сайдад ажлын амжилт хүсч, Монгол, Тажикистаны харилцааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулна гэж найдаж буйгаа илэрхийлэв.