ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЭРИК ТЕО-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Эрик Теог Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Монгол, Сингапурын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2020 онд тохиох бөгөөд энэ хүрээнд хоёр улсын иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулах, хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад Элчин сайдыг анхаарч ажиллахыг тэрээр хүсэв.

Түүнчлэн, Монгол Улсыг зах зээлийн эдийн засагт шилжих явцад Сингапур Улс дэмжлэг үзүүлж, ялангуяа хүний нөөцийг чадавхжуулах, бизнесийн арга барилд суралцахад чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дэд сайд Б.Батцэцэг онцлон тэмдэглэв.

Элчин сайд Эрик Тео Монгол, Сингапурын харилцааг өргөжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллахаа илэрхийлэв.