МОНГОЛ УЛСЫН САНААЧИЛСАН “НИЙГМИЙН ХӨГЖИЛД ХОРШООЛЛЫН ҮҮРЭГ” ТОГТООЛ БАТЛАГДАВ

Өнөөдөр 11 дүгээр сарын 7-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы 3 дугаар хорооны хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоолын төслийг нийтийн зөвшилцлөөр батлав.

Тогтвортой хөгжилд хүрэх, түүний дотор нийгмийн бүх бүлгийн, тэр дундаа залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог хангах, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулах, санхүүгийн хэрэгслийг хүртээмжтэй болгох, нийгмийн шударга ёсыг тогтоох, улмаар энхийг цогцлоох үйлсэд хоршооллын гүйцэтгэх үүргийг тогтоолын төсөлд онцлон тэмдэглэжээ.

Дэлхий нийтийн хөгжлийн тулгамдсан асуудлыг тусган шинэчилсэн бусад заалтын дотор Хөгжлийн төлөөх санхүүжилтын олон улсын гуравдугаар бага хурлын Аддис Абабагийн төгсгөлийн баримт бичигт хүнс тэжээлийн хангамж ба аюулгүй байдлыг сайжруулах, эмэгтэйчүүдийн өрхийн аж ахуй эрхлэлт болон хөдөө аж ахуйн хоршоолол, фермерийн сүлжээг дэмжих, тэдний дотоодын болон олон улсын зах зээлд гарах, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх талаар заасан заалтыг хэрэгжүүлэхэд онцгой хүчин чармайлт тавихыг Засгийн газруудад уриалав.

Мөн тогтоолд хоршооллын хууль, эрхзүйн орчныг тодорхойлсон баримт бичгүүдийг өөрчилж сайжруулах, хоршооллын тухай статистик мэдээллийг зөв зохистой гаргар аргачлалыг нэвтрүүлэх, хоршооллын үнэт зүйл, зарчим, загварын талаар зохих шатны сургалтын байгууллагын хөтөлбөрт тусгах, хоршооллын хүний нөөцийг хөгжүүлэх зэргээр энэ төрлийн бизнесийн нэгжүүдийг дэмжих чиглэлээр чухал заалтууд орсон байна.

Хоршооллууд нь цомхон, уян хатан бүтэц зохион байгуулалттай, дэлхий даяар 100 сая гаруй хүнд үйлчилгээгээ хүргэх боломжтой учраас хөгжингүй, хөгжиж буй аль ч улсуудад урт хугацаанд тогтвортой оршин тогтнох давуу талтай.

Нийгмийн хөгжилд хоршооллын оролцоо тогтоолын төсөлд НҮБ-ын гишүүн 90 орон хамтран зохиогчоор нэгдлээ.