ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ КАРЛ БРАУНЕРТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Ерөнхий захирлын орлогч Карл Браунертай 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ДХБ-ын байранд уулзав.

Уулзалтаар Монгол Улс, ДХБ хоорондын хамтын ажиллагаа, олон талт худалдааны тогтолцоо/ДХБ-ын тулгамдсан болон шинэчлэлийн асуудлууд, Монгол Улсын олон талт хэлэлцээн дэх оролцоо, ирэх оны 6 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд Нурсултан хотноо болох Сайд нарын ээлжит чуулга уулзалт болон үндэсний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцов.

Монгол Улс худалдааны хамгаалалтын арга хэмжээний талаар үндэсний хууль, тогтоомжтой болох чиглэлээр ажиллаж байгаатай холбогдуулж, мэргэжлийн туслалцаа авах, сургалт зохион байгуулах асуудлыг тусгайлан хөндөж ярилцав.

ДХБ нь 164 гишүүнтэй, олон улсын худалдааг зохицуулагч гол байгууллага. Монгол Улс ДХБ-д 1997 онд нэгдэж орсон.