НОМЫН НЭЭЛТ БОЛОВ

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ГХЯ-ны “Мутрын түшээ” танхимд ГХЯ-ны АОДАГ-ын зөвлөх, ШУ-ны доктор Ц. Батбаярын “The Dynamic Decade: Mongolia’s Sovereignty and Foreign Policy between East and West, 1990-2000”, Элчин сайд П. Үржинлхүндэвийн “Ойр дайдын оронтой түншилсэн түүхээс” номын нээлтийн үйл ажиллагааг Дипломатын Академи, Элчин сайд нарын клубаас зохион байгууллаа.

Доктор Ц. Батбаяр номондоо 1990-2000 оны Монголын гадаад харилцаа, түүн дотор бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын тулгуур баримт бичгүүд, мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай харилцаа, Зүүн Хойд Ази, Төв Азийн “гуравдагч” хөрш орнуудтай харилцааг ХХ зууны түүхийн дэвсгэр дээр 1990-2000 оны орон зайд задлан шинжилжээ.  Элчин сайд П.  Үржинлхүндэв Монгол Улсын ойрын хөрш БНАСАУ-тай харилцаж байсан түүхийн нарийн нандин зүйлийг түүхэн цаг үеийн гэрч болохын хувьд нүдэнд харагдтал дүрслэн бичжээ.

Номын нээлтэд Дипломат Академийн захирал Элчин сайд Х. Бэхбат, ГХЯ-ны сайд асан Ц. Гомбосүрэн нар болон ахмад дипломатууд, ГХЯ-ны Газрын захирал, дэд захирлууд, эрдэмтэд, судлаачид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцов.